Жэк Ма гэж хэн бэ?



Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.
Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.

Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.

Англи хэлний багшаас Хятадын тэргүүн баян хүртэл
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч.

Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернетэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.

1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм.

Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь,

1.Алибаба цэг ком- Alibaba.com
2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace
3. Тималл- Tmall
4. ИТао- eTao
5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing
6. Жухуасуан- Juhuasuan
7. 1688 цэг ком- 1688.com
8. Али Експресс цэг ком AliExpress.com
9. АлиПей- Alipay

2012 оны 11 дүгээр сард Алибаба цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Ма “Их наяд юаны тайж” гэдэг алдар хүртжээ.
2012 Жек Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарсан.

Алибаба ба 40 дээрэмчин

Жек Магийн 1998 онд компанийнхаа ажилчдад тавьсан илтгэл:

Би 1995 онд гаргасан шийдвэрээ эргэн санаж байна. Би өөртөө амьдралынхаа замыг өөрчиллөө гэж хэлж байлаа. Өнөөдөр бид энд ирэх 5-10 жилийн хугацаанд юу хийх ёстой гэдгээ ярилцахаар ирээд байна.

Тэгэхээр Алибаба ирээдүйд юу болох ёстой вэ? Бид анх Хятад сайтууд дээр ажиллаж эхлэх үед л би та нарт дотоодын веб сайт манай өрсөлдөгчид биш, харин далайн чанадад манай өрсөлдөгчид байгаа гэж хэлдэг байсан. Бидний өрсөлдөгчид Хятадад биш Америкийн Цахиурын хөндийд байгаа.

Тиймээс бид эхлээд Алибабаг дэлхийн хэмжээнд аваачих ёстой. Хоёрдугаарт бид Цахиурын хөндийнхөн шиг шаргуу ажиллаж сурах хэрэгтэй. Хэрвээ өглөө найман цагт ирээд орой таван цагт гэртээ хариад байвал манайх өндөр технологийн компани биш гэсэн үг.
eBay бол далайн аварга загас. Харин бид Хөх мөрөний матрууд. Хэрвээ далайд гарч тулалвдал бид ялагдана. Харин мөрөндөө тулалдвал бид ялна.
Тиймээс Алибаба хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хэрвээ бид өглөө наймаас оройн таван цаг хүртэл ажиллах л тэнхээтэй бол эртхэн өөр зүйл олж хийсэн нь дээр. Америкчууд техник хангамж, системийн хувьд хүчирхэг. Гэхдээ мэдээлэл, программ хангамжийн тал дээр Хятад тархи тэднээс огт дутахгүй. Бидний сэтгэн бодох чадвар тэдэнтэй л ижил өндөр түвшнийх. Ийм учраас бид Америкчуудтай өрсөлдөх гэж зориглож                            байна.

Хэрвээ бид сайн баг болж, юу хийхийг хүсч байгаагаа мэдэж байвал нэг хүн тэдний арван хүнийг ялж чадна. Бид шинийг санаачлах чадварынхаа ачаар засгийн газрын агентлагуудыг, хүчирхэг, алдартай компаниудыг давж гарах чадалтай. Тэгвэл бидний ялгаа юу юм бэ? Бүгд л интернет бол томроод л, томроод л байдаг хөөстэй адил гэдгийг мэднэ. Гэхдээ хэзээ хагарах вэ?

Yahoo-гийн хувьцаа унаж, eBay-ийн хувьцааны үнэ өснө. Тэгвэл магадгүй eBay-ийн хувьцаа унахад, Алибабагийн хувьцааны үнэ өснө. Тиймээс санаа зовох хэрэггүй. Интернетийн мөрөөдөл хэзээ ч хагардаггүй. Бид ирэх 3-5 жилийн хугацаанд хөлсөө дуслуулж, бүх хүчээ дайчлан, хамаг бүхнээ зориулах ёстой. Энэ бол амжилтад хүрэх цорын ганц арга. Тэгэхээр бидний зорилго бол 2002 он гэхэд Алибабагийн хувьцааг бирж дээр гаргах.

Comments

Popular posts from this blog

Энийг цээжилснээр хурц тод хэллэгтэй болдог гэсэн шүү !Цээжлээд байгаарай найзуудаа

we chat